avatar

Хүүхэд хэлд удаан орох

2011-04-11,15:37
Ер нь бол хүүхэд нэг нас орчим настайгаасаа ганц нэг үг хэлж эхэлдэг. Тэр болтол шулганаад л ганц нэг үе хэлэх гэж оролддог. Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй. Хэлд удаан ороход хэд хэдэн шалтгаан байж болдог байна. Тухайлбал хүүхэдтэй хэтэрхий бага харьцсанаас, хайр энэрэл бага үзүүлснээс, тэдэнд ярих боломж хомс байснаас гэх мэт. Сонсголын согогтой эсвэл бүр дүлий бол мөн оюун ухааны сааталтай бол  хэлд орох нь удаан байна. Хэлд удаан орох нь хүүхдийн бусад талын хөгжилд сөрөг нөлөөлж болох талтай. Мэдээж хэлд орохгүй бол тэр хэрээр бодож санах, сурах, бие даах чадвар нь тааруу байна. Бусдад бодол санаагаа ойлгуулахад тэдэнд хүндрэлтэй байна. Хэрвээ хүүхдээ хэлд орой орж байна гэж үзвэл эмчид хандах нь зөв, тэд үзээд хэвийн байна уу, эмчилгээ хэрэгтэй юү гэдгийг шийднэ.
Хэлд оройтож орж байна гэж хэдийд үзэх вэ? Дөрвөн нас хүрчихээд сайн ярьж чадахгүй бусад хүүхдээс ялгараад байвал мэргэжилтэнд хандахаас өөр аргагүй. Гэхдээ сайн ажиглавал үүнээс өмнө ч дараах шинж тэмдгүүд ажиглагддаг:
•    Сонсохдоо муу

•    Тухайн насныхантай харьцуулахад хэлж ярьсан зүйлд хариу үзүүлэхдээ тааруу байх

•    Ганганаж (7 сар хүртлээ) эхлэхгүй эсвэл шулганахаа бүр болих

•    Хөдөлгөөнөө хянахдаа муу, ялангуяа нүүр, амандаа (Жишээлбэл, хоёр нас өнгөрчихөөд байхад шүлсээ савируулах г.м)

•    Оройтож үг хэлж эхлэх (хоёр нас хүртлээ эсвэл бүр оройтож)

•    Хэл ярианы хөгжил нь их удаан байх (3 настайдаа 100-аас цөөн үг мэддэг, ойлгомжгүй ярих, хоёр орчим настайгаасаа хоёр үгээр өгүүлбэр бүтээн ярьж чадахгүй байх)

•    Гурван нас хүрчихээд асуулт тавьж чадахгүй байх
Авиаг зөв хэрэглэж чадахгүйгээс болоод хүүхэд буруу зөрүү ярих нь бий. Тэд авиаг орхино, буруу хэлнэ, хооронд нь солино, бүр бүхэл үеэр нь орхигдуулах нь ч бий. Олон авиа буруу хэлбэл үг улам л ойлгогдохгүй болно. Дөрвөн нас хүрчихээд үйл үгээ ихэвчлэн буруу хэрэглээд байвал үг зүйн хөгжил саатсаны шинж. Хүүхэд хэлд орох гол нөхцөл бол хүүхдийн сонсгол сайн байх болон хүүхэд хүмүүстэй чөлөөтэй харьцдаг байх явдал юм. Хүүхэд хэлд ороход хоолой, амны булчингууд сайн хөгжсөн, хүүхдийн оюун ухаан хэвийн хөгжилтэй байхаас гадна хэл яриагаар харилцах орчин, эцэг эхийн нийгмийн байдал гээд гадаад орчин ч нөлөөлдөг. Ер нь хүүхэд хэлд орох, тэдний хэл яриа хөгжих нь хөхүүл наснаас эхлээд сургуульд ортол үргэлжлэх процесс юм.   
Хэлд орох нь хүүхэд бүрд адилгүй, олон нөхцөл байдлаас шалтгаалдаг ба хэлсэн ярьсныг ойлгодог болох болон өөрөө ярих хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай.
a) Яриа ойлгох:
Дөнгөж төрсөн болон нярай хөхүүл хүүхэд:
•    Дөнгөж төрсөн хүүхэд хүмүүсийн яриаг мэдэрдэг.
•    Эхийнхээ дуу хоолойг таньдаг
•    Нярай, хөхүүл хүүхэд ярианы чиг хандлагыг зөнгөөрөө ойлгодог.
12-15 сартай:
•    Зааж зааварлахыг хүүхэд нөхцөл байдлаас ухаж ойлгоно. Ж-нь тоглож буй зүйлээ хүссэн хүнд өгнө.
•    Үйлдэл нь бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг ажигладаг.
15- 18 сартай:
•    Өөр өөр зүйлийг хооронд нь ялгадаг болж, зорьсноо авна.
•    Зарим тохиолдолд тухайн зүйлээр юу хийх ёстойгоо ойлгож мэднэ.
18 – 24 сартай:
•    Эд зүйлс болон түүнтэй холбоотой үйлдлийг хүүхэд ялгаж чадна, эд зүйлсийг заагаад зогсохгүй түүгээр үйлдэл хийж чадна. (Ж-нь бөмбөг авчирах)
24- 30 сартай:
•    Урьд нь өөрөө үзэж байгаагүй бол буруу зөрүү зааврыг ч дагаж хийнэ. Ж-нь хүүхэлдэйгээ будгаар хооллох г.м.
•    30 орчим сартайгаасаа үүнийг утгагүй зүйл гэж ойлгон зааврыг биелүүлэхгүй, татгалзана.
b) Ярианы хөгжил:

Дөнгөж төрсөн:
•    Шинэ төрсөн хүүхдийн анх гаргах дуу бол уйлж хашгирах.  
•    Хэдхэн хоног эсвэл долоо хоногоос авиа гаргаж эхэлнэ. (a, э, и, o, у).
6 долоо хоногоос 6 сартай:
•    Ганганаж эхлэх: хүүхэд авиаг дууриан хэлэх гэж оролдон, ойр буй хүнтэй ярилцах оролдлого хийнэ.  
•    Энэ үед сонсголын согогтой хүүхдэд ч эхлээд энэ байдал ажиглагддаг.
6- 9 сартай:
•    Ганганах хоёр дахь үе буюу шулганах: үе болон хэд хэдэн үе нийлүүлж хэлэх ж-нь баба, эдэ.
9- 18 сартай:
•    Утгыг бүтээж эхэлнэ: өөрийн дуу авиаг тодорхой хүн, эсвэл эд зүйлтэй холбож эхэлдэг. (Ж-нь нохойг ав-ав г.м).
•    “зохиомол хэл” үүсгэнэ, өөрөөр хэлбэл үгнүүдээр өөрийн гэсэн өгүүлбэр зохиож эхэлдэг.
18 – 24 сартай:
•    Өдөр тутмын үйлдэл болон эд зүйлсийг нэрлэн, бүтэн үг хэлж эхэлнэ.
•    Зарим нэг авиаг хэлж чадахгүй эсвэл их л зовж хэлнэ ("ч, "ш )
24 -36 сартай:
•    Хоёр үгтэй өгүүлбэр зохиож эхэлнэ (хожмоо олон үгтэй замбараа муутай өгүүлбэр зохионо).
•    Гурван нас орчимтойгоосоо хүүхэд асууж эхэлнэ (юу? хэн? хаана?).
36 – 48 сартай:
•    Хүүхэд яагаад гэсэн асуулт тавьж, олон үгтэй зөв өгүүлбэр зохионо.  
•    Төлөөний үг хэрэглэж (би, чи, миний г.м) , үгийн олон тоог зөвөөр хэлж эхэлнэ.
•    Дөрвөн нас орчимтойгоосоо нэлээд  их үгийн баялагтай болчихдог.
•    Бараг бүх авиаг хэлж чаддаг болно зарим нэг давхар гийгүүлэгчийг хэлэхдээ жаахан түгдэрнэ. (Ж-нь: лх).
•    Дөрвөн насны сүүлээр өгүүлбэрүүдээ хооронд нь холбон, болсон явдлыг эмх цэгцтэй ярьж чаддаг болно.
Хэл ярианы хэвийн хөгжил 5-6 насанд дуусах ёстой. Өөрөөр хэлбэл энэ үед хүүхэд бүх авиаг хэлж чадахаас гадна энгийн хялбар өгүүлбэрээр ярьж чаддаг болсон байна. Мөн тодорхой хэмжээний үгийн баялагтай болсон байдаг.
Ер нь хүүхдийн 10%-д нь ямар нэг байдлаар хэлд удаан орох байдал ажиглагддаг боловч ердөө 0,5-1%-д нь л урт хугацааны эмчилгээ хэрэгтэй болдог байна. Дээр дурьдсан зүйлсээс аль нэг нь эсвэл хоёулаа ажиглагдаж байвал хүүхэд хэлд удаан орж байна гэж үзэж болох юм.
Хэлд орох нь удаан байна гэж ажиглавал юуны өмнө чих, хамар хоолойн эмчид үзүүлнэ. Хэлд удаан орох хамгийн их тохиолддог шалтгаан бол сонсгол хязгаарлагдсан байх явдал. Чихний үрэвсэл эсвэл зарим тохиолдолд төрөлхийн согог ч байж болох. Өөр нэг шалтгаан бол ерөнхий хөгжил саатсан байх. Төрөлхийн согогоос эхлээд төрөлтийн үед хүчилтөрөгч дутагдсанаас ч байж болдог. Ер нь шалтгааныг олоход бэрхшээлтэй, тухайлбал гэр бүлийн удамшлыг ч авч үзэх хэрэгтэй болдог. Эцэг эхийн хэн нэг нь эсвэл гэр бүлийн өөр нэг гишүүн мөн л хэлд удаан орж байсан байж мэднэ. Орчин тойрныхонтойгоо бага харьцаж, түгжигдмэл байдалд орсон байж ч болно. Хамар хоолойн хөндийд согогтойгоос үгээ зөв хэлж чадахгүй явдал ч байна. Юунаас болж буй шалтгааныг олж тогтоосны дараа авах арга хэмжээгээ төлөвлөнө.
Эмч мэргэжилтнүүдийн авах арга хэмжээг орхиод эцэг эхийн зүгээс юу хийж чадахыг авч үзэцгээе. Хүүхэдтэй аль болох эрт өөрөөр хэлбэл төрснөөс нь эхлэн эцэг эх аль болох их, гэхдээ эвийлж хөөрхийлөөд байлгүй хэвийн ярилцах хэрэгтэй. Гөөлхий гөөлхий гээд байвал хүүхэд тань гөөлхий л гэж ярьж сурна шүү дээ. Дуу хөгжим тавиад, телевизээ байнга асаагаад хүүхдийн сонсголыг хэт ядраагаад байх нь сайнгүй, хүүхдийн чих бас амарч байх ёстой. Сонсголын ямар нэг согог эсвэл хэлний саатал байна гэсэн сэжиг төрвөл шууд л эмчид хандах нь зөв. Дагаж хэлүүлэн хүүхдийг яриулах гэж албадах хэрэггүй. Энэ нь зориуд гэдийж зөрүүдлэхэд хүргэж, болохгүй байна гэсэн сэтгэгдэл ч төрүүлж мэднэ.
Хүүхдийн хөгжлийн нэг талын дутагдал нь нөгөөгийнхөө шалтгаан болох тал бий. Тухайлбал 24 сартай болчихоод сайн ярьж чадахгүй байгаа хүүхэд цаашид ч хэл ярианы бэрхшээлтэй байх магадлал их, энэ нь эргээд унших, зөв бичлэгийн чадвар дутмаг болоход ч нөлөөлж болно. Эрсдлийг эрт таньж чадвал алдааг засч хүүхдийн хэвийн хөгжлийг хангахад амар байна. Ерөнхий хөгжлийн саатал, сурах чадвар муу байх, оюун ухааны сааталтай байх, хэлний хөгжил муу байх, харьцааны чадвар муу байх зэрэг олонх хүүхдийн саатлуудыг хэлд удаан орж буйгаар нь таньж болдог. Хүүхэд хэлд орохын тулд эхлээд юм хүлээн авах, бодох, ой тогтоолт болон бусадтай харьцах чадваруудыг эзэмшсэн байх ёстой байдагтай энэ нь холбоотой. Ер нь хүүхдийн хэлний хөгжлийн түрүү үе  нь түүний ерөнхий хөгжлийг харуулж байдаг. Иймээс хүүхдийг 1-3 настайд нь онцгой анхаарч хэл ярианы хөгжлийг нь сайн ажиглаж, хэрвээ ямар нэг доголдол ажиглагдвал яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг байна.
Хүүхдийн хөгжил янз бүр байдаг тул хэлд орох хугацаа ч харилцан адилгүй. Харин америк болон германы эрдэмтдийн судалгаагаар хоёр ой хүрэх үеийн эргэн тойронд онцгой анхаарах ёстой гэж гарчээ. Энэ насандаа хүүхэд зуу гаруй үг мэддэг болсон, 2-3 үгтэй өгүүлбэрээр ярьдаг болох ба тэдний 14-20% нь хэл ярианы хувьд хоцрогдож явдаг байна. Энэ үед 50-аас цөөн үг мэдэж байвал хожуу хэлд орж байна гэж үздэг байна. Тэдний хагас нь 3 нас хүрэхдээ бусдыгаа гүйцэж чаддаг нь олон судалгаагаар нотлогджээ. Нөгөө хагас нь буюу 3 настнуудын 7 - 10% нь бусдыгаа гүйцэж чаддаггүй байна. Эдгээр хүүхэд нь янз бүрийн хэлбэрийн хөгжлийн сааталтай байдаг. Хоёр ойтой хүүхдүүдийн хожуу хэлд орогсод нь өөрөөр хэлбэл 50-аас бага үг мэддэг хүүхдүүдийн 50% нь цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай байдаг байна.
Эцэг эхчүүдээс гадна цэцэрлэгийн багш нар хүүхдийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Тэд адил насны олон хүүхдийг харьцуулах боломжтой тул аливаа доголдлыг эрт таних боломжтой. Цэцэрлэгийн багштай нь ярилцахад өөрсдийнх нь санааг зовоож буй зүйлийг мөн багш нь ажигласан байвал эмчид хандах нь зөв юм. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax